Юу байна түүгээрээ баярхдаг нь хүн төрөлхтний зан юм даа.
Монголчуудыг гадаад ертөнцөд таниулахад Чингис хаанаас дутуугүй үүрэг
гүйцэтгэж байгаа зүйл бол манай зэс юм. Эртнээс энэ зэсийг монголчууд
Есөн эрдэнийн нэг хэмээн тооцсоор ирсэн нь цаанаа учиртай байж таарна.
Тиймээ, эрдэнээс дутахгүй үнэ цэнэтэй, алтнаас хоцрохгүй эрэлт
хэрэгцээтэй баялаг гэвэл зэс байдаг юм байна. Зэсийн арвин нөөцтэй нь
ганц манайх биш. Гэхдээ их байлаа гээд барагтайд үнэ ханш нь буураад
байдаггүй ид шид энэ зэсд байдаг юм байна.
Хүн төрөлхтөн бүр МЭӨ 6000 жилийн өмнө анх байгалиас цэвэр зэс олж
түүнийг ахуй амьдралдаа хэрэглэдэг болжээ. Хэрэв энэ утгаар нь харвал
хоёр хөлтний хамгийн түрүүнд ашиглаж эхэлсэн металл энэ зэс байх
магадлалтай. Энэ цагаас хойшхи түүхийн үй олон жилд зэс гэдэг ямар ч
үед гайхалтай нэр хүндтэй байсаар өнөөг хүргэжээ.
Ромын эзэнт гүрнийхэн Газрын дундад тэнгисийн Кипр арлаас зэс авч
хэрэглэдэг байсан төдийгүй чухамдаа эндээс анх өөрийн латин нэр болох
купрум гэсэн алдар нэрээ олж авсан гэдэг.
4000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн металлуудыг хайлуулж эхэлж улмаар
хооронд нь холин цутгаж хайлш хийдэг болжээ. Хүрлийн үе хэмээн
нэрлэгддэг МЭӨ 1800 жилийн үед цагаан тугалгыг зэстэй хольж анх удаа
хүрэл гаргаж авсан төдийгүй мөн цайр зэс хоёрыг цутгаж гууль гаргаж
авчээ.
Эндээс зэс бол хамгийн өргөн хэрэглэгддэг метал болох нь анзаарагдаж байгаа байх.
Зэс цахилгаан, дулааныг дамжуулах чадвартай бөгөөд энэ чанараараа
мөнгийг эс тооцвол хамгийн шилдэг нь юм. Тийм ч учраас цахилгаан болоод
электроникийн тоног төхөөрөмжид өргөн ашиглагддаг. Зэсээр мөн металл
хоолой, дээвэр хийдэг. Зэс болон түүний хайлшийг автомашин, онгоц,
пуужин зэрэгт өргөн ашигладаг.
Зэс гэж юу вэ? Бидний хэлж заншсан Менделеевийн үелэх системийн 29-т
бичигдсэн энэхүү элемент нь улаан болон улбар шар өнгөтэй. Цельсийн
1083хэмдхайлдагхатууметалл. Эрдэмтэд зэсийн ашигтай шинж чанаруудыг
судалснаар аж үйлдвэрлэлийн эрин эхэлсэн байна. Шинжлэх ухаан хөгжихийн
хирээр зэсийг ашиглах технологи улам нарийсч бидний өдөр тутам
хэрэглэдэг гар утас, компьютерээс гадна дэлхийг хэрсэн интернет мөн л
тэрхүү зэс утсаар дамжиж байдаг.
Энэ металл нь хүн төрөлхтний соёл иргэншилд хамгийн чухал нөлөө
үзүүлсэн ашигт малтмал юм. Зэврэлтийг эсэргүүцэх өндөр чадвартай, уян
хатан. Тиймдээ ч зэсийг харилцаа холбоо, ус болон хий дамжуулахад өргөн
ашигладаг. Түүнээс гадна зэс маш сайн бордоо болдог тул газар тариаланд
хэрэглэдэг.
Та бүхэн алдарт Эрх чөлөөний хөшөөг мэдэх биз. 46 гаруй метр өндөртэй
энэ хөшөөг хийхэд 225 тонн металл орсны 81 гаруй тонн нь зөвхөн зэс.
Товчхондоо, зэс бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Монголын
нийгмийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэсэн нь зэс. Бид үүнийгээ саалийн
үнээтэй зүйрлэдгийн учир энэ байх. Энэ металл улс орнуудын эдийн
засгийн тогтвортой өсөлтийг хангах, нэн ялангуяа буурай хөгжилтэй болон
хөгжиж байгаа орнуудын хувьд хөгжлийн хурдасгуур болдог байна.
Зэс бол хамгийн их дахин боловсруулагддаг металл бөгөөд тухайлбал 1997
онд зэсийн нийт эрэлтийн 40 шахам хувь нь дахин боловсруулсан зэс
байжээ. Зэсийн ашиглалтын хугацаа тухайн бүтээгдэхүүнээс хамаарч
ялгаатай байдаг. Хэрвээ зэсийн амьдралын мөчлөгийг дунджаар 30 жил гэж
үзвэл нийт зэсийн 85 хувийг дахин боловсруулж болдог байна. Хамгийн гол
нь зэсийг дахин боловсруулахад физик болон химийн шинж чанар нь
алдагддаггүй.
Эдүгээ дэлхий нийтийн зэсийн хэрэглээ байнга өссөөр байна. Зэсийн
хамгийн том хэрэглэгч нь манай урд хөрш. Энэ том зах зээлтэй хаяа
нийлсэн газарт буюу өмнөд хилээс 80 гаруйхан км-ийн наана Оюутолгой
оршдог. Дэлхийн хамгийн нөөцтэй орд. infomine.mn
|