Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ойрын үед шийдэгдэж
магадгүй нь гэсэн сураг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн дуулдав.
Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ сэргэсэн нь ахиц
гарч байгаа юм байна шүү гэсэн итгэл найдварыг улам лавшруулав.
Хэлэлцээ энэ долоо хоногт ч үргэлжлэх гэнэ. УИХ-ын Эдийн засгийн
байнгын хорооноос өнгөрсөн тавдугаар сарын 8-нд Монгол Улсын Засгийн
газар, "Айвенхоу майнз Монголиа инк" ХХК-тай байгуулах хөрөнгө
оруулалтын гэрээний төслийн талаар санал дүгнэлтээ гарган хэлэлцэгч
хоёр талд хүргүүлсэн.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар яагаад хэлэлцэн батлах
боломжгүй байгааг тодорхойлсон энэ дүгнэлтийг төслөө улам сайжруулаад
аваад ир гэсэн "гэрийн даалгавар" гэж ойлгож болно. Эдийн засгийн
байнгын хорооноос өгсөн "гэрийн даалгавар"-ыг "Айвенхоу майнз Монголиа
инк" ХХК яаж биелүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Засгийн
газар хэлэлцээний ширээнд сууж байгааг бодоход гэрийн даалгавар биелсэн
гэж үзэж байгаа бололтой.
Эдийн засгийн хороо байнгын Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний
төслийн талаар ямар "гэрийн даалгавар" өгснийг бүрэн эхээр нь хүргэж
байна.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай
байгуулж хоёр удаа, тус бур 20 жилээр сунгах нь ундсэндээ гэрээг 70
жилээр байгуулахаар болгож байна
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Айвенхоу Майнз Монголиа
Инк" ХХК-тай байгуулах Оюутолгойн орд газрыг ашиглах Хөрөнгө оруулалтын
гэрээний төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Улсын
Их Хурлын гишүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас
ирүүлсэн санал, сонин хэвлэлийн нийтлэлийг судалсны үндсэн дээр Эдийн
засгийн байнгын хороо дараах санал, дүгнэлтийг гаргаж, Засгийн газрын
ажлын хэсэгт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Улсын Их Хурлын 2008 оны 40 д үгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар
баталсан үндсэн зарчим, удирдамжийн хүрээнд Засгийн газраас өргөн
мэдүүлсэн гэрээний төсөлд дараах асуудлуудыг дахин авч үзэх
шаардлагатай байна.
Үүнд:
1.1.Улсын Их Хурлын тогтоолд гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа
хууль тогтоомжуудад нийцүүлэн хийхээр заасан боловч Татварын ерөнхий
хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Зарим бүтээгдэхүүний
үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд зааснаас өөр нөхцөл
тогтоосон, түүнчлэн шинэ төрлийн татвар бий болгосон нь Монгол Улсад
хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тухайн гэрээгээр өөрчилж,
цаашид уг гэрээний дагуу талууд тодорхой хуулийн заалтыг биелүүлэхгүй
байх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн уг гэрээний төсөлд Ашигт малтмалын
тухай хуульд "шаардлагатай тохиолдолд татварын дэглэм тогтоох",
"Хөрөнгө оруулалтын гэрээний сунгах эсэхийг талууд гэрээгээр харилцан
тохиролцож болно" гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан нь цаашид
байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм, тогтоож,
татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мөн гэрээний хугацааг хуулиар
бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна. Оюутолгойн ордыг
ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж хоёр
удаа, тус бүр 20 жилээр сунгахаар байгаа нь үндсэндээ гэрээг 70 жилээр
байгуулахаар болгож байна.
1.2.Оюутолгой ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг
Монголын тал шууд эзэмшхээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгө
оруулалтыг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг
хэлбэрээр оруулахаар тохиролцох тухай заасны дагуу гэрээг байгуулсан
боловч Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг
өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн
засгийн үр ашиг багатай байна.
1.3.Удирдамжид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын
эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгахаар заасан.
Гэтэл гэрээний хугацааг сунгаснаас хойш нэг жилийн дотор харилцан
тохиролцсон нөхцөлөөр Монголын тал 16 хувийг нэмж эзэмших эрхтэй гэж
заасан ба хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван
тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх
бүхий байгууллага /аудит/-аар үнэлгээ, дүгнэлт гаргуулаагүй байна. Энэ
нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг
тодорхойлох боломжгүй болгож байна.
1.4.Удирдамжид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын
тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг даалгасны дагуу
урьдчилгаа төлбөрт тооцож авах гэж буй 125 сая ам доллар нь зээлийн
хэлбэртэй, хэмжээ бага, хүү нь өндөр байна.
1.5.Эрчим хүч, авто зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой
барилга байгууламжуудын болон хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг
хэрхэн шийдэх талаар гэрээнд илүү тодорхой тусгах нь зүйтэй байна.
1.6.Гэрээний төсөлд "АММИ" компанийн явуулах үндсэн үйл ажиллагааны
хүрээг Оюутолгой төслийн хэмжээнд хэт өргөнөөр тодорхойлсноор Оюутолгой
төсөлтэй холбоотой бүх компаниуд, түүний дотор гэрээлэгч, туслан
гүйцэтгэгчид уг гэрээнд заасан татварын таатай нөхцөлийг эдлүүлэхээр
заасан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн Монголд явуулах бусад
бүхий л үйл ажиллагаа, түүний дотор бусад эрэл хайгуул, орд газрыг
ашиглах үйл ажиллагааг ч уг гэрээгээр зохицуулахаар байна. Иймд зөвхөн
Оюутолгойн зэс, алтны ордын хувьд гэрээ үйлчлэх тусгаарлалтыг тодорхой
хийж өгөх шаардлагатай. Түүнчлэн зөвхөн улсын балансад бүртгүүлсэн
нөөцийн хүрээнд тухайн ашигт малтмалыг олборлох, цаашид нэмэлт нөөц
илрэх бүрт түүнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт тодотгол хийх нь зүйтэй
байна.
Гэрээний төслийг боловсруулахад зөвлөгөө үзүүлсэн зарим компани нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй...
2. Ашигт малтмалын тухай хуулийн 29,30 дугаар зүйлүүдийн хүрээнд
"Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээний төсөл"-д дараахь саналуудыг
тусгах нь зүйтэй гэж үзэж байна.Үүнд:
2.1.Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын хууль тогтоомжоор
хувь хэмжээ заан ногдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой
мөрдөж татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх,
багасгахгүй байх.
2.2.Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хөнгөлөлт,
чөлөөлөлтийн асуудлыг Монголын талын эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө
оруулалтыг бүрдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй уялдуулан хэлэлцээр
хийх.
2.3.Оюутолгойн зэс-алтны ордыг түшиглүүлэн барьж байгуулах үйлдвэрийн
олборлон баяжуулах төслийн хүчин чадлыг тохиролцох, уул уурхайн
баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг 2011 онд, бүрэн хүчин чадлаар нь
2013 онд багтаан тус тус ашиглалтад оруулах, үүнтэй уялдуулан хөрөнгө
оруулагч тал 2009-2013 онд хийх анхны хөрөнгө оруулалтын хуваарь
гаргаж, Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөн хэрэгжүүлнэ. Үйлдвэрийг
ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн
тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авах, гэрээний эдийн
засгийн үндэс болсон хөрөнгө оруулалтын хэмжээ, жилд үйлдвэрлэх
бүтээгдэхүүний дээд, доод хэмжээг тодорхой заах.
2.4.Гэрээний төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1
-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх, 30 дугаар
зүйлийн 2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах, Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлөөр геологийн хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэн
нөөцийг бүртгүүлэх.
2.5.Дээрх нөхцөл байдлуудтай уялдуулан Оюутолгойн ордыг ашиглах дараах хувилбаруудыг судлан үзэх шаардлагыг бий болгож байна.
Үүнд:
-Нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших,
анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа Монголын тал 50 хувийг шууд
эзэмших асуудлыг төсөлд тусгах.
-Стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах алтан
хувьцаа эзэмших, концесс, түрээс, бүтээгдэхүүн хуваах гэрээ, нөөц
баялгаа үнэлж, урьдчилан худалдах зэрэг хувилбарыг судлан үзэж,
шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчинг бий болгох;
-Олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 ба түүнээс дээш
хувийн хувьцааг үе шаттайгаар хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр
эзэмших;
-Засгийн газар төслийг бусад улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх.
2.6.Тус гэрээний төслийг боловсруулахад зөвлөгөө үзүүлсэн зарим компани
нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй байгаа тул цаашид ашиг
сонирхолын зөрчилтэй аливаа үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх.
2.7.Гэрээний биелэлтийг давтамжтайгаар тодорхой хугацаанд тогтмол хянан
дүгнэж, бий болсон нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж байх, тунхаг
эрмэлзлэлийн шинж чанартай заалтуудыг өөрчилж, гэрээний эрх үүргийг
тодорхой болгох.
2.8.Гэрээний төсөлд "гэрээний монгол, англи хувь агуулгын болон
орчуулгын хувьд зөрвөл англи хэл дээрх хувийг баримтална" гэж заажээ.
Иймд гэрээний төслийн монгол, англи хэл дээрх хувилбаруудын хоорондын
нэр томъёонуудыг нэг мөр болгон, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаар агуулгын, дүрмийн алдаануудыг
хянуулан, хоёр тал орчуулгын хувьд нэгдсэн тохиролцоонд хүрч, хоёр хэл
дээрх хувиуд адил тэгш хүчинтэй байхаар тусгах.
2.9.Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан барьж байгуулах дэд бүтэц
түүний дотор төмөр зам, авто зам, эрчим хүч усан хангамжийн барилга
байгууламжуудыг Монголын говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн тодотгогдож
буй үндсэн зарчимтай уялдуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон
хэлбэрүүдийг оновчтой ашиглахаар тусгах.
2.10.Гэрээний төслийн 7.2-д заасан цахилгаан эрчим хүчний хангамжийн
асуудлыг тодруулж Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс хангах
боломжийг техник-эдийн засгийн үндэслэлээр нарийвчлан тогтоож, төслийн
хөрөнгө оруулалтын хүрээнд шийдвэрлэх.
Хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөц,
эх үүсвэрийг Засгийн газар, олон нийт болон аль нэг гуравдагч этгээдэд
ашиглуулах үүрэг хүлээхгүй гэснийг өөрчлөх хэрэгтэй
3.Байгаль орчныг хамгаалах чиглэлээр гэрээнд тусгах шаардлагатай дараах саналууд
байна.
Үүнд:
3.1.Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжид аливаа нэмэлт өөрчлөлт
орсон, эсхүл байгаль орчныг хамгаалах олон улсын гэрээнд Монгол Улс
нэгдэн орсон тохиолдолд тухайн хууль тогтоомж, олон улсын гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс эхлэн хөрөнгө оруулагч дагаж мөрдөх.
3.2.Хөрөнгө оруулагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, орчны
хяналт-шинжилгээний хөтөлбөр, уурхайн хаалтын төлөвлөгөөг
боловсруулахдаа Оюутолгой төсөл түүний сөрөг нөлөөллийн талаар
хангалттай мэдээллийг орон нутгийн иргэдэд өгч, санал хүсэлтийг нь
үнэлгээнд тусган хэрэгжүүлж олон нийтэд нээлттэй байлгах.
3.3.Гэрээний төслийн 6.9-6.14-д заасан усны эх үүсвэр, усны нөөцийг
Засгийн газрын эрх бүхий байгууллагаас баталсан нарийвчилсан
үнэлгээгээр тооцсон нөөцийн хэмжээ, ашиглалтын горимын үндэслэлийг
тодорхой болгох, хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн
усны нөөц, эх үүсвэрийг Засгийн газар, олон нийт болон аль нэг
гуравдагч этгээдэд ашиглуулах үүрэг хүлээхгүй гэснийг өөрчлөх, түүнчлэн
уул уурхайн баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээний усны боломжтой
эх үүсвэр, тухайлбал гүний болон гадаргуугийн усны талаар харьцуулсан
тооцоо дүгнэлтийг гаргах.
Стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй
4. Хууль тогтоомжуудыг шинээр батлах болон өөрчлөх дараах саналууд байна. Үүнд:
4.1.Концессын хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх. Нөөц
баялгаа үнэлж, урьдчилан худалдах болон стратегийн орд газрыг хөрөнгө
оруулалттай хамтран ашиглахад алган хувьцаа эзэмших эрх зүйн орчинг бий
болгох.
4.2.Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 "...стратегийн ач холбогдол бүхий
ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34
хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох...", 29.3. "Эхний 5
жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш ам.доллартай тэнцэх бол
10, 100 саяас дээш ам.доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш
ам.доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан
гэрээ байгуулна."
29.4. "Хөрөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая ам.доллароос 100.0 сая
ам.доллар бол Засгийн газар, 100.0 сая ам.доллароос дээш бол УИХ тус
тус хэлэлцэнэ." гэсэн заалтуудыг, мөн тусгай зөвшөөрлийг цуцлах
асуудлыг нарийвчлан зохицуулах талаар УИХ дахь намын бүлгүүдийн саналыг
үндэслэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзлээ.