Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны
Ерөнхийлөгч С.ГАНБААТАРТАЙ Монголын уул уурхайн ертөнцөд өрнөж буй
асуудлаар ярилцлаа. -Сүүлийн үед
“Хариуцлагатай уул уурхай” гэж дээр дооргүй ярьж байна. Монгол улс
үнэхээр хариуцлагатай уул уурхайн орон болж чадах болов уу. Өөдрөг бус
асуулт тавилаа гэж та бүү зэмлээрэй. Эндээс ярилцлагаа эхлэх үү? -За
тэгье. Монгол улс уул уурхайн орон болох нь тодорхой болчихлоо. Ийм
үед би урьдчилж хэдэн зүйлийг хэлмээр байна. Нэгд, саяхныг хүртэл эдийн
засагчдын дунд “Эдийн засгийн ухааны нэг хэсэг нь байгаль орчны ухаан”
гэсэн ойлголт явж ирсэн. Гэтэл өнөөдөр “Байгаль орчны ухааны нэг хэсэг
нь эдийн засаг” гэж ойлгодог үе эхэллээ. Хар салхи үе үе болж байна.
Гайтид саяхан газар хөдөллөө. Ган гачиг, зуд турхан хаа сайгүй
нүүрлэж байна. Байгалийн гамшгаас шалтгаалаад эдийн засаг бүхэлдээ
доргидог үе ирчихэж. Дэлхийн эдийн засаг цөлжилтөөс хамааралтай
болчихлоо. Дулаарлын нэг хэсэг нь эдийн засаг болж хувирлаа. Тэрнээс
биш эдийн засаг эдэг ухааны дотор дулаарлын асуудлыг ярих хэрэггүй.
Үүнтэй адилхан Монголын эдийн засаг нь өөрөө байгаль орчны нэг хэсэг
болоод байна. -Тийм
болохоор уул уурхай руу орж байгаа юм бол байгаль орчноо яавал
хамгаалах вэ, Монгол орноо энэ чигээр нь яаж хадгалж үлдэх вэ гэдэгт
санаа тавих ёстой. Уул уурхайгаа болъё гэж би хэлэхгүй. Гол нь
хяналттай байгаа ч ээ. Хяналтыг яаж бий болгодог юм бэ. Өнөөдөр Монгол
улсад уул уурхайн 5000 гаруй лиценз бий. Маш олон компани энэ салбарт
ажиллаж байна. Энэ бүхнийг хянаж чадаж байна уу, бид. Чадахгүй
байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж ард түмний нэрийн
өмнөөс ажилладаг байгууллага байх ёстой. Гэтэл тэнд уул уурхайг
хянадаг хэдэн байцаагч байгаа юм. Зуугаадхан байцаагч хэдэн мянган
уурхайг хянана гэдэг үнэндээ ахадсан ажил. Тэдний хийж чадах ажил
гэвэл дарга нарын захиалгаар зарим нэгийг нь шалгана. Шалгахгүй бол
юм авна. Үүнээс өөр ажил хийхгүй байна. -Тэгээд
одоо яах вэ. Тэр олон уурхайд хяналт тавихын тулд байцаагчдын тоог
олон болгох хэрэгтэй юу. Төсөв мөнгө, цалин зардлаас авахуулаад
зөндөө асуудал босч ирэх байх даа? -Уул
уурхайг хянахын тулд зуун байцаагчаа 5000 болгох юм уу, эсвэл зуун
байцаагчаа хөдөлгөлгүй, 5000 уурхайныхаа ядаж 100-г нь эхний ээлжинд
ажиллагаанд оруулж ашиглая. Бусдыг нь “хөлдөөлт” буюу “царцаалт”-ад
оруулмаар байна. Хүний лицензийг хурааж авъя гэж байгаа юм биш.
Монголчууд бид залгиж чадахынхаа хэмжээгээр амандаа хийж зажлахгүй,
гахаж сүйд болох вий дээ. Монголыг тэр чигт нь уул уурхайн орон
болгочихоод ямар ч хяналтгүй онгойсон хар нүх үлдээчих вий дээ. Тийм
болгохгүйн тулд эхлээд Оюутолгой, Тавантолгой хоёроо ашиглаж, үр дүнг
нь хүртэх хэрэгтэй. -Дараа нь жижиг ордуудаа шат дараатай ашиглалтад оруулах хэрэгтэй гэсэн үг үү? -Энэ
хоёр ордоо эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа Нарийн сухайт, Асгат
гэх зэргээр үе шаттайгаар ашигламаар байгаа юм. Тэрнээс биш гэнэт
олдсон баялгийг бүхэлд нь энэ үе л ухаад идэх гэж байгаа юм шиг хандаж
болохгүй биз дээ. Эрдэнэт үйлдвэр биднийг олон жил тэжээлээ. Тэгвэл энэ
үйлдвэрээс хэд дахин том уурхай ашиглалтад орох гэж байна. Үүнийгээ
л хяналттайгаар зөв ашиглаж, туршлагажиж мөнгөтэй болчихоод дараагийн
асуудлаа ярих цаг болсон. Монголын төр уул уурхайгаа хянамаар байна.
Хяналтаа сайжруулмаар байна. Би үүнийг зөвхөн байгаль орчин талаас нь
ярилаа. Одоо тэгвэл үүнтэй холбоотойгоор татвар гэж том асуудал бий.
Алтны маш олон уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр уурхайд
хэдэн тонн алт олборлож байгааг хянах ёстой. Уг нь уурхай болгон дээр
хяналтын төлөөлөл гэж байгаа. Харамсалтай нь тэд ард түмнээ төлөөлөөд
алт болгоныг хянаж чаддаггүй. Зүгээр л алтны уурхайн ажилчин
болчихсон хүмүүс. Хяналт энэ тэрээ мэдээлж, тайлан бичихээс хэтрэхгүй
байна, тэд. Монголын ард түмний элч төлөөлөгчид биш. Биднийг хуурдаг
хүмүүс болчихсон. Ингэж болохгүй ээ. Хяналтаа сайн тавь. -Юутай
ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээ баталлаа. Удахгүй энэ ордын
үйл ажиллагаа эхлэнэ. Тэгэхээр одооноос ганц Оюутолгой ч гэлтгүй
манай улсын эдийн засагт асар их мөнгө орж ирэх нь тодорхой болчихоод
байна. Та энэ мөнгийг буруу замаар битгий явчихаасай гэдэг дээр санаа
зовж явдаг хүмүүсийн нэг. -Нэгд,
уул уурхай бол ажлын байр бий болгодоггүй үйлдвэрлэл. Хоёрт, уул
уурхайгаас орж ирж байгаа мөнгийг яаж хянах вэ гэдэгт Монголын
Засгийн газар, Монголын улстөрчид санаа зовохгүй байна. Харин ч бүр
хяналтгүй хэвээрээ байгаасай гэж бодоод байх шиг. УИХ-ын гишүүдийг
юм уу, Засгийн газрыг уул уурхайгаас орж ирэх мөнгийг сайн хянаад
өгөөч гэж гуйгаад нэмэргүй. Ард түмэн өөртөө л найдах хэрэгтэй. -МҮЭХ
саяхан УИХ-ын Төсвийн байнгын хороотой хамтран санамж бичиг батласан.
Энэ нь улсын төсөв хэлэлцэх болон батлах явцад МҮЭХ хянах үүд хаалгыг
нээж өгч байгаа юу? -Тэгж
хэлж болно. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Даваасүрэнтэй
хамтран бид төсөвт хяналтыг сайжруулах зорилгоор санамж бичигт гарын
үсэг зурсан. Одоо ард түмэн нийслэл болоод аймаг бүрт төсвийн талаар
сардаа нэг удаа хэлэлцүүлэг хийдэг болох хэрэгтэй. Үүний төлөө МҮЭХ
ажиллана. Хамгийн гол нь ард иргэд бидний санаачлагыг дэмжмээр байна.
Бид энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай харьцаж, арга зүйн
зөвлөмж авч эхлэж байгаа. -Уул уурхайгаас орж ирэх мөнгийг яавал ард иргэдэд ашигтай байдлаар зарцуулах вэ. “Хүний хөгжил сан”-гаас иргэддээ 70 мянган төгрөг тараагаад эхэлчихлээ? -Уул уурхайн баялгийг яавал улстөрчдийн хоол болгочихгүй ард түмэнд нялзаах вэ гэдэг том “проблем” мөн үү. -Мөн… -Өмнө
нь би Оюутолгой ордыг ашиглах эрхийг монголчуудад 51 юм уу 61 өгье
гэж тэмцэж байсан. Одоо тэгвэл нэгэнт 34 хувийг эзэмшихээр боллоо.
Миний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн ч санаанд хүрсэнгүй. Гэхдээ
Оюутолгойгоос орж ирэх мөнгийг 76-д биш, ард түмэнд өгөх хэрэгтэй.
Потсвана гэдэг улсад нэг сонин арга хэрэглэсэн юм билээ. Тэд бартерийн
системийг бий болгосон. Яг түүн шиг Оюутолгой ордоос 27 тэрбум доллар
орж ирэх юм бол яг үүнд өнөөдрийн ханшаар 200 сургууль, 500 цэцэрлэг,
5000 км сайн чанарын хурдны зам, хоёр том нисэх буудал гэх мэтчилэн
бүтээгдэхүүнүүдийг гаргаад тохирох ёстой. Оюутолгойгоос мөнгө авахгүй
ээ, ордоо ашиглуулж зэсээ өгнө, тийм болохоор оронд нь надад бодитой
хөрөнгө оруулалт хийгээч гэж гэрээндээ батлах ёстой юм. Өөрөөр
хэлбэл, үүнийхээ графикийг батлах хэрэгтэй л дээ. Жишээ нь, энэ жил 10,
ирэх жил 20 сургууль барьж өг гэдэг ч юм уу, Харин хаана, ямар газар
сургууль барихыг ганцхан парламент л батладаг. Энэ бол маш чухал
асуудал. -Оюутолгой
болон Тавантолгойн тэтгэлэгт хөтөлбөр гэсэн таны нэг авууштай санаа
байдаг даа. Залуусыг уул уурхайгаас орж ирэх мөнгөөр өндөр хөгжилтэй
орнуудад сургах тухай та ярьдаг? -Уул
уурхай бол хэзээ нэгэн цагт шавхагдах баялаг. Хэзээ ч эргэж
нөхөгдөхгүй. Тиймээс энэ баялгийн 10-хан хувиар залуусаа гадаадад
сургах хэрэгтэй. Огт шавхагдахгүй оюун тархинд шингээх хэрэгтэй. Энэ
миний мөрөөдөл. Би өөрөө барууны оронд эрдэм боловсрол эзэмшээд
түмнийхээ төлөө дуугарах боломжтой болсон. Би мэдсэн сурснаараа л явж
байгаа. Өнөөдөр Оюутолгойн инженер техникийн ажилд Хятад, Филиппин,
Индонезуудыг ажиллуулахаар бэлтгэж байна. Гэтэл монголчуудад
жижүүрийн ажил л ногдож байна. Тэгэхгүй ээ, найзууд аа. Монгол
залуус гадаадад сураад ирэхэд сард дор хаяж 5000-10.000 долларын
цалин авна. Энэ бол бид залууст оруулсан хөрөнгөө эргүүлээд авч байгаа
хэрэг. -Стратегийн гэх тодотголтой томоохон ордуудыг төр мэдэлдээ авч эхэлж байна. Энэ хэр зөв алхам бэ? -Стратегийн
орд газруудыг төр мэдэлдээ авах нь зөв. Олон жилийн өмнө төрд ийм
боломж олдоогүй байж болно. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэс ховор эд
болчихоод байна. Ийм нөхцөлд төр ордуудаа ашиглаж, олигтой хяналт
тавихгүй бол Монгол шиг бага газар нутагтай улс “гурван үсэгтэй”
компанид бүх зүйлээ өгөөд байж болохгүй.”Гурван үсэгтэй” компанийн эзэн
гэж монгол хүн байгаа. Түүний хүүхдүүд олон арван жилийн дараа болох
зүйлийг тааж мэдэхгүй шүү дээ. Энэ уурхай орд бол дор хаяж 200 жил
ажиллах уурхай. 40 жилийн дараа энэ компанийн хувьцаа ямар ханштай
байхыг харах хэрэгтэй. Америкт бол хувьчилж болно. Хувь хүмүүсийн
хөрөнгийг яаж улсын болгох вэ гэсэн хууль нь хатуу. Хяналт нь сайн.
Гэтэл манай улсад байдал ямар билээ. Ийм нөхцөлд хувьчилвал Хятадын
засгийн газарт Монгол орныг зүгээр л бэлгэлчихэж байгаатай агаар нэг.
Би өөрөө капиталист ертөнцөд номын дуу сонссон байж болно. Намайг
хүмүүс социалист зүйл ярьлаа гэж магад. Харин ч би жинхэнэ капиталист
юм ярьж байж мэдэх юм шүү. Нийгмийн өмнө хариуцлагатай компани гэдэг
талаас нь хэлээд байгаа юм. -Гадаадын
хөрөнгө оруулалтын компаниудыг тахиж шүтэхээс илүүтэйгээр дотоодын
уул уурхайн компаниудыг дэмжиж ажиллах тал дээр ярьж хэлэх хүмүүс
цөөнгүй байдаг. Энэ талаар таны бодол? -Эхлээд
төрийн хяналтыг сайжруул. Дараа нь, дотоод, гадаадын гэдэг дээр
ялгаатай хандах ёстой. Дотоодын нэртэй, чонотой нийлсэн нохой шиг
компаниудтай харьцаж байхаар шууд л гадаад компанитай харьц.Монгол
компаниуд үнэндээ гадны бууны нохойнууд болчихсон явж байна шүү дээ.
Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монгол нүүртэй гадны
байгууллагад давуу эрх олгож, ард түмний мөнгийг цацмааргүй байна. -Тавантолгой
ордыг тойрсон дуулиан ид хүчээ авч байна. Ялангуяа төмөр замын
асуудал ужигрсаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болох нь? -Оюутолгойн
асуудал дуусаагүй шүү. Яг үнэндээ жонхуу шиг юм болж байгаа. Бид таван
жилийн өмнө талбай дээр “Техник эдийн засгийн үндэслэлээ батласны
дараа гэрээ байгуулаач” гэж зөндөө гуйсан. Ямар ч тодорхой төлөвлөгөө
гаргаагүй байж гэрээ хийх гэж зүтгүүлсээр байгаад хийчихсэн. Надад
хөөрөг нь байхгүй атал наймаа хийж болохгүй биз дээ. Гэтэл өнөөдөр
гэнэтхэн л “Хүүе. ТЭЗҮ нь хангалтгүй байна” гэж хэлээд байх юм. Би
Монголын ард түмэнд хамгийн ашигтай гэрээ байгуулах гэж хэрүүл хийж
байсан болохоос биш гадны компаниудыг эсэргүүцээгүй. Монголчууд
Оюутолгойг ашиглаж чадахгүй. Харин Тавантолгойг 100 хувь бид ашиглах
ёстой. Нүүрс ухаад, машин дээр тавиад Хятад руу явуулахад мэдлэг тийм
хэрэгтэй юм уу. Монгол улс арай ч дээ. Политехникийн дээд сургуультай
шүү дээ. Ямарч гадны компани орж ирсэн ч эхний хоёр гурван жилд
нүүрсийг зүгээр л зөөнө. Хятад руу зөөж, хоёр гурван тэрбум доллар
олоод түүгээрээ баяжуулах үйлдвэр барина. Тэгээд нэлээн хугацааны дараа
баяжуулсан буюу бутлаад, усаар угааж, шороог нь зайлуулсан нүүрсийг
гадагш нь гаргаж илүү мөнгө олно. Тэрийгээ олсны дараа шууд коксжуулсан
уурхай барина. Түүгээрээ дахиж мөнгө олоод коксын үйлдвэр барина.
Ингэж байж л монголын ард түмэнд хувьцаа болгож тараах ёстой. Тэгээд
үйлдвэрийн ашгийг монголчуудад өгөх үү, үгүй юу гэдэг дараагийн
асуудал. Монголчууд арай ч нүүрсийг гадныхнаар ухуулахгүй. Гэрийнхээ
нүүрсийг түлэхийн тулд хятад үйлчлэгчийг өндөр үнээр ажиллуулах гэж
байгаатай адилхан. Харин нүүрс ухалтын операцийг менежментийн талаас нь
Австралиас янз бүрийн хүмүүс авчраад ажиллуулж болно. Төмөр замын
хэрүүл хийж болохгүй ээ. Нарийн царигтай төмөр зам ч хэрэггүй. “Гурван
үсэгтэй” компани Хятад руу зам тавилаа гэхэд тэр нь өөрийнх нь мэдэлд
байж таарна. Гэтэл 40 жилийн дараа энэ компанийн хувьцааг Хятадууд
худалдаад авчихна. Тэгээд л өнөө төмөр зам нь зуун хувь Хятадын мэдэлд
очно шүү дээ. Бусад бүх уурхай явсаар байгаад “гурван үсэгтэй”
компанид хамааралтай болно. Ийм ичмээр юмыг Монгол улсад хийвэл би
иргэний дайн удирдана шүү. Надад ингэх боломж битгий өгөөрэй. Төмөр
зам гэж хэрүүл хийхийн оронд засмал замаа тавь. -Засмал зам тавих нь эдийн засгийн талаасаа ашигтай юу? -Засмал
зам тавихад 260-аад тэрбум төгрөг л орно. Оюутолгойгоос орж ирсэн
160 гаруй тэрбум байгаа. Энэ мөнгөөр урьдчилгаа хийхэд Монголын зам
засварын 30 компанид хоёр сарын дотор зам барьчихна. 15 мянган
жолоочид машиныг нь лизенгээр өгөөд нүүрс зөөлгө. Ядаж л 15 мянган хүн
ажилтай болно. Миний тооцоогоор 40-100 тонны даацтай том том
машинуудыг монголчууд хувьчилж авна. Тэгээд рейс болгондоо 400-800
мянган төгрөгийн ашигтай ажиллана. Үүнийгээ тойрсон 5000-10000 хүний
ажлын байр бий болно. Үндсэндээ Тавантолгойд 25 мянган ажлын байртай
болчихож байгаа. Рейс болгондоо хоёр сая төгрөгийг улсад төлөхөөр
тооцож байгаа юм шүү, би. Засмал зам барьчихсан байхад нэг өдрийн дотор
нэг рейс хийнэ. Хятадын хил рүү конвейрээр гараг л дээ. Энгийн байгаа
биз. -”Алтан
Дорнод Монгол” компанийн захирал С.Паушок Монголын засгийн газрыг
олон улсын арбитрын шүүх дээр яллаа гэсэн шуугиан хэвлэлээр
цацагдлаа. Энэ нь Монгол улсын нэр хүндийг унагаж байгаа шившигтэй
хэрэг биш гэж үү. Та ямар бодолтой байна вэ? -Паушок
бол жижиг гар. Би тэр хүнийг мэдэхгүй. Улс төрчид өөрсдийнхөө хийсэн
лай ланчгийг үүрнэ биз дээ. Бурхан тэнгэр дээрээс харж байгаа. Хамгийн
гол нь төр засгийн тодорхой эрх мэдэлтнүүд Монголын ард түмнийг
бодлоготойгоор Паушокдохоо болиорой гэдгийг л хэлье. Хяналтгүй дор
хулгай, мэдлэггүй дор дарангуйлал гэж байдаг. Монголын ард түмэн
өөрсдөө мэдлэггүй хариуцлаггүйгээс болж энэ шийдвэр гаргагчид бусадтай
нийлж биднийг боолчилж байна. 
infomine.mn
|