Уул уурхайн хөгжлөөс

Эх орны ирээдүй...

 

Шинэ ДЦС-ыг Адуунчулууны уурхай “тэжээнэ”

Огноо: 2012-01-25

Эдийн засаг, бүтээн байгуулалтын хөгжлийг дагаад зүүн бүсийн эрчим хүчний системийг ойрын хугацаанд сайжруулах зайлшгүй шаардлага гарсан. Тодруулбал, тус бүсийн эрчим хүчнний хэрэглээний нийт ачаалал өнөөдөр 24.6 мВт/цаг байгаа бол 2018 оноос огцом нэмэгдэж 103.6 мВт/цаг, 2025 он гэхэд 216.2 мВт/цаг болох тооцоо бий. Тиймээс энэ хэрэгцээг хангах зорилгоор Дорнод аймагт 100 мВт-ын ДЦС барих төслийг ТӨХ боловсруулж, хөрөнгө оруулагч хайж байгаа юм.

Шинээр баригдах ДЦС нь жилд 909.1 мянган тонн хүрэн нүүрс хэрэглэж, 521.2 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 479.5 сая кВт/ц-ийг нь түгээх хүчин чадалтай байх аж.  Усан хангамжийн хувьд одоо ажиллаж байгаа ДЦС нь өвлийн горимд 385 м3/ц, конденсацын горимд 286 м3/ц техникийн ус хэрэглэдэг. Тодруулбал, Хэрлэн голын ай сав дагуу ДЦС-аас 0.9 км зайд техникийн усан хангамжийн зориулалттай 640 м3/ц бүтээмжтэй гүний усны гурван худагтай юм байна. Шинэ станц барих үед зургаан худаг нэмж байгуулах бөгөөд жилийн усны хэрэглээ 7.1 сая шоо метр болж нэмэгдэх аж.

ДЦС-уудын шийдэхэд хүндрэлтэй асуудлын нэг нь үнс зайлуулах систем байдаг. Тэгвэл шинэ ДЦС барихдаа одоо байгаа нөөц бололцоогоо ашиглахаар шийдсэн байна. Өдгөө нийт 485.5 мянган шоо метрийн багтаамжтай гурван үнсэн сантайгаас ердөө нэгийг нь ашиглаж байгаа юм байна. Тиймээс шинэ станц ашиглалтад орох үед үлдсэн хоёр санг сэргээхээр төлөвлөжээ. Түүнчлэн одоо ашиглаж байгаа үнсэн сангийн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэх аж. Мөн шинээр үнсэн сан байгуулах нөөц талбай хангалттай байгаа гэсэн давуу талтай юм байна.

Энэ станцад шаардлагатай нүүрсний хэрэгцээг Адуунчулууны уурхайгаас хангах нь хамгийн тохиромжтой хэмээн тооцж байгаа юм. Учир нь тус уурхай станцаас ердөө долоохон километр зайтай бөгөөд автозамаар холбогдсон. Мөн төмөр замын Баянтүмэн өртөөтэй 5.5 км төмөр замаар холбогдсон зэрэг давуу талтай юм. Харин Баян-Усны нүүрсний орд 91 км, Хөөтийн орд 135 км зайтай. Хэдийгээр энэ хоёр ордын аль аль нь станцтай төмөр замаар холбогдож байгаа ч тээврийн зай хол учраас хоёр, гурав дахь сонголтод эрэмбэлэгдэж байна. Ийнхүү шинэ станц ашиглалтад орсноор бүс нутгийн эрчим хүчний тогтмол өсч буй хэрэгцээг хангахын зэрэгцээ орон нутгийн уурхайн үйл ажиллагааг давхар идэвхжүүлэх эерэг талтай юм. Шинэ ДЦС-ын бүх ТЭЗҮ бэлэн болсон. Харин одоо хөрөнгө оруулагч болон хэрэгжүүлэх субъект нь тодорхой болчихвол төсөл богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих боломжтойг албаныхан танилцуулсан юм.

Нүүр хуудас | Вэбийн тухай | Сурталчилгаа байршуулах | Үйлчилгээ | Холбоо барих
Developed by Semantic Solutions Co.,Ltd
Copyright © 2010 www.infomine.mn - All Rights Reserved.
6