Уул уурхай нийт ажиллагсдын дөнгөж 3.5 хувийг шингээж байна
Огноо: 2010-12-29
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал тогтворжиж байгаа энэ үед 2010-2012 онуудад манай улсын эдийн засаг 7.0-8.0 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2013 онд Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор эдийн засгийн өсөлт хурдацтай нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Гагцхүү эдийн засгийн энэхүү тааламжтай цаг үеийг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг хангах, ажилгүйдлийг бууруулахад оновчтой ашиглах хэрэгтэй юм гэлээ.
2009 оны байдлаар уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэсэн хэдий ч ажил эрхлэлт, ажиллах хүчийг шингээж авч буй үзүүлэлтээрээ санасан хэмжээнд хүрэхгүй байгаа аж.
Эдийн засгийн өсөлттэй эн зэрэгцүүлэн, хүн ам, ажиллах хүчний асуудлыг харахад Монгол Улсын хүн ам 2009 оны жилийн эцсийн байдлаар 2,7 саяд хүрчээ. Хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онуудад жилд дунджаар 22,8 мянгаар нэмэгдэж, хүн амын өсөлтөөс түрүүлж яваа бөгөөд хөдөлмөрийн насны хүн ам ийнхүү эрчимтэй өсч байгаа явдал сүүлийн 50 гаруй жилийнхээс хамгийн өндөрт тооцогдож байгаа юм байна.
Ажиллах хүчний судалгааны 2010 оны эхний хагас жилийн дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,155 сая байгаа нь нийт хүн амын 44 орчим хувийг эзэлж байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 90,5 хувь нь ажиллагчид, 9,5 хувь нь ажилгүй иргэд. Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулсан харьцаа буюу ажиллах хүчний оролцооны түвшин улсын хэмжээнд 62,1 хувьтай байгаа ажээ.
Өмнөх жилүүдэд эдийн засгийн өсөлт бий болсон ч ажлын байр дорвитой нэмэгдэхгүй, бүтээмж өндөртэй хөдөлмөр эрхлэлт бий болохгүй байна. Уул, уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа хэрээр хөдөлмөр эрхлэлтийн түвшин дорвитой нэмэгдэж чадаагүй байна. Яагаад гэвэл уул уурхайн салбар өөрөө хөдөлмөр эрхлэлтийн багтаамж буюу ажиллах хүчний шингээлт багатай салбар аж. Тухайлбал, 2009 онд уул уурхай, олборлох салбар ДНБ-ний 22,5 хувийг үйлдвэрлэж байхад нийт ажиллагчдын дөнгөж 3,5 хувийг шингээж байгаа юм. Товчхондоо хэлэхэд, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийн хооронд тэнцвэрт бус байдал бий болсон гэж дүгнэж болохоор буй гэнэ.
Монгол Улсын Засгийн газар эдийн засагт өсөлт гарахын хирээр хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг төдий чинээ нэмэгдүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагад нийцүүлсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг НХХ-ийн сайд мэдээллээ.
Хүн амын өсөлтөөс хөдөлмөрийн насны хүн ам илүү түргэн хурдацтай өсч, энэ хандлага ойрын ирээдүйд хадгалагдахаар байгаа ч нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлт ийнхүү өндөр хурдацтай нэмэгдэж байхад нөгөө талаас ажиллах хүчний оролцооны түвшингийн өсөлт бараг ажиглагдахгүй, дөнгөж 62.1 хувьтай байгаа аж. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт ихсэж, уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Засгийн газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд шинэ ажлын байр, шинэ ажил, мэргэжил бий болж байна. Мянганы сорилтын сангийн судалгааны дүнд ойрын 2 жилд хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй байх 20 ажил, мэргэжлийн жагсаалт гарсан байна. Ажиллах хүчний эрэлтийг авч үзвэл, ойрын нэг жилийн дотор гэхэд л байнгын ажлын байр хөдөө аж ахуйд 22.5 хувь, барилгын салбарт 6.5 хувь, худалдааны салбарт 9.4 хувь, зочид буудал, рестораны үйлчилгээний салбарт 7.8 хувь, аж үйлдвэрт 2.6 хувь, уул уурхайд 6.6 хувиар өсөх хандлагатай байхаар судалгааны дүн гарчээ.




