Нүүрсний ордуудын өрөмдлөгийн нөхцлийн судалгаа, төрөлжүүлэлт



Оршил
Манай орон нүүрсний арвин нөөцтэй, түлш дулааны хэрэгцээнд нүүрс одоо болон ойрын ирээдүйд зонхилох ач холбогдолтой байгаа билээ. Манайд нүүрсний асар их нөөц, үйлдвэрлэлийн өндөр ач холбогдолтой, маш их зузаантай 100 орчим хэвтэш, нийт 400 гаруй орд илрэл тогтоогдсон байна (зураг-1). Нүүрсний сав газар, талбай, ордуудын геологийн тогтоц, гарал үүсэл, нас, өөрчлөлт хувиралтын болон чанарын талаар нилээд судалгаа хийгдэж, зохих дүгнэлтүүд гарсан боловч энд явагдсан их хэмжээний өрөмдлөгийн мэдээлэл, үр дүнд системт судалгаа хийгдээгүй, өрөмдлөг хийхэд тохиолдох нөхцлийн талаар үнэлгээ өгөгдөөгүй, төрөлжүүлэлт хийгдээгүй байна. Нөгөө талаас бүх ашигт малтмалын, түүний дотор нүүрсний ордуудын эрэл-хайгуулын гүн байнга өсөж, нөхцөл хүндэрч байгаа билээ.
Манай орны нүүрсний геологийн нөөц 150 орчим тэрбум тонн, үүнээс баталгаат нөөц нь 20гаруй тэрбум тонн байгаа билээ. Нүүрс болон бүхэлдээ ашигт малтмалын нөөцийг тогтооход өрөмдлөг зонхилох ач холбогдолттой бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрсний чиглэлээр ихээхэн хэмжээний өрөмдлөг хийж, Таван-толгой, Багануур, Шивээ овоо, Шарын гол, Адуунчулуун, Налайх, Чандгана тал, Хартарвагатай, Хөшөөт, Могойн гол, Алаг, Улаан овоо, Цайдам, Төгрөг нуур зэрэг нүүрсний томоохон ордуудыг нээн илрүүлж, нөөцийг тогтоож, нийт улс орны болон орон нутгийн хэмжээнд олборлолт явуулж байгаа билээ.
