Өвөрмонгол нүүрсний нөөцөөр Хятадад тэргүүлж байна
Огноо: 2011-04-05
Өмнөговийн нутгаас илрүүлсэн нүүрсний асар их орд хил залгаа БНХАУ-ын Өвөрмонголын нутагт ч үргэлжилдэг ажээ. Өдгөө Өвөрмонгол нүүрсний нөөцөөр Хятадад тэргүүлж байгаа талаар Хятадын сайтууд мэдээлж байна.
Өвөрмонголын нүүрсний нөөцийн хэмжээ 2006-2010 онд хийсэн судалгаагаар 578 тэрбум 700 сая тонн гэжээ. “Гүйцэтгэсэн үйлдвэрлэлийн нийт өртөг зургаан тэрбум 700 сая юань болж, шинээр илрүүлсэн нүүрсний нөөц 457 тэрбум 200 сая тоннд хүрлээ” гэж Өвөрмонголын Нүүрсний уурхай, геологийн газраас мэдээлжээ.
Ирэх таван жилд Өвөрмонголын Нүүрсний уурхай геологийн газар орчин үеийн томоохон нүүрсний уурхай нэгийг байгуулж, төмөрлөгийн гурван уурхай нээхээр төлөвлөжээ. Нөөц ихтэй бүсийн давуу талыг ашиглан уурхай нээж, сайн чанарын нүүрсний орд илрүүлж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад тус дөхөм үзүүлнэ гэж тус газрын ажилтнууд хэлсэн байна. Мөн Ховд, Говь-Алтай аймагтай хаяа залгаа Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нутгаас “Тань Ху” хэмээх арвин нөөцтэй нүүрсний орд илрүүлсэн юм.




