Оюутолгойн гэрээний хувь заяа хэрхэх бол гэдэг асуудал Монгол орны
хөгжлийн ирээдүйтэй хүйн холбоотой болчихоод байна. Тиймээс ч монгол
хүн бүрийн анхаарлын төвд байж, хүлээлт үүсгэсэн. Хэдийгээр “бушуу
туулай борвиндоо…” гэдэг ч цаг хугацаа биднийг хүлээхгүй. Энэ талаарх
байр суурийг нь сонирхохоор Уул уурхайн үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч До.Ганболдтой ярилцав.
-Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Монголд хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарын хөгжлийн шинэ
үе эхэлж байна гэж ойлгож болно. Ялангуяа энэ салбарт, өнөөгийн цаг
үед Засгийн газрын хөрөнгө оруулалт гэж алга. Цаашдаа ч Монгол Улсын
Засгийн газар уул уурхайн салбарт хөрөнгө оруулж чадахгүй. Өөрийн эх
үүсвэр байхгүй. Эх үүсвэр бий болсон ч ийм эрсдэлтэй салбарын хөрөнгө
оруулалтыг Засгийн газар даана гэдэг бол угаасаа хоцрогдсон сэтгэлгээ,
буруу хандлага юм. Уул уурхайн салбар ашигтай байхаасаа ашиггүй нь их
байдаг. Сүүлийн 50 жилийн үнийн судалгаанаас харахад зэсийн ханш
дунджаар 2600-2900 ам.доллар байна. Тиймээс бид эндээс их ашиг олж,
хувааж иднэ гэхчлэн хий хоосон амлаж,үлгэр зохиох хэрэггүй.
-Та иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг хэлж байна уу?
-Үгүй. Ер нь л энэ салбараас олох ашгийг хуваахаар өгнө гэж байгаа
бүх амлалтын талаар ярьж байна. Ашиг сайн байлаа ч гэсэн Монгол Улсад
болон тухайн хөрөнгө оруулагч компанид хуваагдаж орно. Зохих ёсны,
тохиролцсон хувь хэмжээгээ л хүртэнэ.
-Хувь хэмжээ гэснээс Оюутолгойн төслөөс Монголын талын эзэмших хувь чамлалттай байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Энэ удаагийн гэрээний нөхцөл харьцангуй сайн, Монголын талд
боломжтой гэж үзэхээр байгаа. Манай талд оногдож байгаа хувь олон
улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Монголын Засгийн
газар дэлхийд эхний аравт багтдаг хоёр том банкны зөвлөгөөг авсан.
Ямар ч гэрээг сайн, муу гээд яривал олон асуудал гарч ирнэ. Ер нь
Оюутолгойн гэрээний төсөл хэрэгжсэнээр манай эдийн засагт шууд болон
шууд бус хоёр нөлөөлөлтэй. Шууд нөлөө нь гэвэл элдэв татварууд,
гэрээнд тусгаад байгаа Монголын талд оногдох хувь хэмжээний тухай
юм. Гэтэл гэрээнд тусаагүй эерэг нөлөө цөөнгүй бий. Жишээ нь бид
Эрдэнэтийг анх ашиглалтад оруулаад байхдаа олж хараагүй олон зүйлээ
өнөөдөр харж байна. Тэгэхээр Оюутолгой хүчин чадал, өгөөжийн хувьд
үүнээс бараг арав дахин илүү юм. Тухайн үед Эрдэнэтийн нөөцийг дөрөв,
зургаа, найман сая тоннын нөөцтэй гэж янз бүрийн хувилбараар тооцоолж
байсан. Одоо 40 гаруй сая тоннын нөөц баталгаатай байна. Энэ нөөц
нэмэгдэх ч боломжтой, хайгуул үргэлжилж байгаа.
-Оюутолгойн нөөц ч гэсэн ингэж нэмэгдэх боломжтой гэж та хэлэх гээд байна уу?
-Нэмэгдэх боломжтой. Хайгуул дуусаагүй байна шүү дээ. Би уг ордыг 30
гаруй сая тоннын нөөц анх батлагдан, Хөрөнгийн бирж дээр бүртгэгдээд
явж байхад энэ нөөц хоёр дахин өсөх магадлалтай байна гэсэн мэдээлэл
авч байсан. Нөөц улам өсч, 60 сая тоннд хүрч болзошгүй гэхэд худлаа
хэлсэн болохгүй байх гэж бодож байна. Эрдэнэтийн анхны гэрээ
хэлэлцээрийг хийж байсан үетэй харьцуулахад өнөөдөр хамгийн сайн зүйл
юу вэ гэвэл урьдчилж бүх зүйлээ төсөвлөх боломжтой байна. Жишээ нь
Эрдэнэт эхний арван жил ямар ч ашиг өгөөгүй. Тэр байтугай төсвөөс
татаас авдаг байсан. Гэтэл 30 жилийн дараа Монголыг “тэжээж” эхэлсэн.
Өнөөдөр тийм нөхцөлд Оюутолгойн гэрээг хийх гэж байсан бол хэн ч
хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ энэ хоёр гэрээг одоогийн нөхцөлд
харьцуулах ямар ч боломжгүй цаг хугацаанд байна.
Уг нь улс төрөөс салгачихвал энэ гэрээг ойлгох тун амархан
-Шууд бус нөлөө гэж юуг хэлээд байна вэ?
-Мөнгөөр хэмжих боломжгүй нөлөөллийн хувьд гэхэд уул уурхайн салбарт
дэлхийд хамгийн сайн технологитой далд уурхайн олборлолт яаж
ажилладгийг харах, өрсөлдөх чадвартай үндэсний чадварлаг боловсон
хүчинтэй болох, оюуны асар их потенциаль, туршлага хуримтлуулах
болно. Үүнийг мөнгөөр хэмжих боломжгүй. Уул уурхайн салбарыг зөвхөн
мөнгө талаас нь хараад байж болохгүй. Мөнгөнөөс гадна эдийн засгийн
бусад салбарыг хөгжүүлэх, оюуны хөрөнгө оруулалт зэрэг
хэмжигдэшгүй үр ашиг бас байна.
-125 сая ам.долларын зээл монголчуудыг энэ гэрээнд ээлтэй хандах аргагүй болгоод байгаа юм биш үү?
-Үүнийг заавал зээл гээгүй шүү дээ. Авахгүй байж болно. Тэр компанид
одоо тийм хэмжээний бэлэн мөнгө байхгүй. Манай Засгийн газрын л
тавьсан санал тэр.
-Уг төслөөр Монголын тал 34 хувийг эзэмших болж байгаа нь дэндүү “шог” хуваарилалт гэж та бодохгүй байна уу?
-Энэ бол цаадах учир шалтгааныг нь ойлгохгүй байгаа хүмүүсийн л
бодол. Сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Засгийн газрын эзэмших
хувь хэмжээ их байх тусам л сайн гэж ойлгоод байна.
-“Бороо гоулд”-ын гэрээ ч бас хашраасан байх, тийм үү?
-Үүнд “Бороо гоулд”-ын буруу байхгүй. Тухайн үеийн хуулийн дагуу л
гэрээ хийсэн. Үнэн хэрэгтээ тухайн үед Эрдэнэттэй байгуулсан гэрээг
ч одоо эргээд харахад “маш муу” гэрээ юм шүү. Цаг үе, хууль өөр байлаа.
Дашрамд хэлэхэд “Бороо гоулд”-ын гэрээг маш их шүүмжлээд байгаа
хүмүүс тэр үед байж л байсан шүү дээ. Тэгээд тэр үедээ ярихгүй яасан
юм бэ. Тийм л мундаг мэдлэгтэй байсан юм бол. Лав л тэднийг шоронд
байлгаагүй, нүд чихийг нь таглаагүй. Тэр тусмаа тэр гэрээг баталж
байсан УИХ-ын гишүүн, гарын үсэг зурж байсан сайд нар одоо ч
парламентад, төр засгийг удирдаад сууж байна. Өнөөдөр гэв гэнэт
монгол ухаантай хүн болж жүжиглэх хэрэггүй. Ингэснээрээ нэг бол тэд
өөрсдийнхөө тэнэгийг нотолж байна, би тэгэхэд тэнэг байж гэж. Эсвэл
гэнэт алдаагаа ухаарч байна. Ингэж ард түмнийг доромжилж болохгүй.
Бид өнөөдөр Оюутолгойг хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцлөөр өөрийн
талд ашигтай байлгах гэж хичээсэн. Тийм нөхцлийг ч бүрдүүлж чадсан.
Би үүнд эргэлзэхгүй байна.
Хэрэв монгол хүн ийм гэрээ хийгээд ирсэн бол яах вэ, цаазаар авах уу
-Та хөрөнгө оруулагчидтай хамтарч ажилладгийн хувьд асуухад тэд
хэрэв гэрээний нөхцөл таалагдахгүй, хэрээс хэтэрсэн шаардлага
тавьсан тохиолдолд хөрөнгөө татъя, гэрээ байгуулахаа больё гэсэн
зүйлийг ярьж байна уу?
-Байлгүй яахав. Мэдээжийн асуудал. Ямар ч ашиггүй гэрээг хэн
байгуулах юм бэ. Зөвхөн Монголын төлөө ажиллана гэж юу байхав, ямар
сүм биш. Ашгийн төлөө л явж байгаа юм чинь. Бид мөрөөдөлдөө хүрч,
ирээдүйд баян болчихоод бусад оронд хөрөнгө оруулах боллоо гэхэд
ашиггүй гэрээ хийх үү. Тийм гэрээ хийчихээд ирвэл яах вэ? Цаазаар авах
уу? Эсвэл гадаадын хөрөнгө оруулалт юм чинь ашиггүй байж болно гэх
үү. Яагаад монгол хүнд болохоор заавал ашигтай бусдад нь ашиггүй байх
ёстой гэж ойлгоод байна вэ. Үүнийг жаахан эрүүл ухаанаар цэгнэх
хэрэгтэй.
-Иргэдээс илүү УИХ-ын гишүүд хүртэл буруу гээд буцаачихаж байгаа юм биш үү?
-Буруу гэдэг нь үнэхээр мэдэхгүй болохоор тэгж хэлээд байна уу, эсвэл
мэдсээр байж олон нийтэд таалагдах гэж, улс төрийн тоглоом хийгээд
байна уу гэдэгт бас учир бий. Үүнийг сайн ялгах хэрэгтэй. Ялгах
мэдлэгтэй хүмүүс ялгана уу гэхээс, энэ талаар ойлголтгүй хүн дүгнэж
чадахгүй. Туйлын шуналтай, “алтан загасны эмгэн” шиг загнаж
болохгүй. Тэгвэл Монголд хэн ч хөрөнгө оруулахгүй. Малаа хариулаад
л хоолоо олж идэхээс өөр замгүй. Хямралын энэ үед ашиг харахгүй хэдэн
тэрбумыг цацах хөрөнгө оруулагч хаана ч байхгүй. Бид нэг хэсэг гадны
зээл тусламж шиг хэрэггүй юм алга гэж байснаа одоо болохоор их сайхан
юм оллоо гэж яриад байна. Ингэж өөрсдийгөө тэнэг байдалд оруулсан
бодлого явуулж хэрхэвч болохгүй. Монгол Улс олон улсын тавцанд
өөрийн нэр хүнд, байр суурийг тодорхой түвшинд авч явах
шаардлагатай. Тэгэхгүй бол бидэнтэй хэн ч харьцахгүй.
-Бид тэдэнд татварын онцгой хөнгөлөлт үзүүлээгүй гэж үү?
-Гол нь гэнэтийн ашгийн татвартай холбоотой юм. Бусад нь аль ч оронд
ирээдүйн ашгийг бодолцож, томоохон хөрөнгө оруулагчдад үзүүлдэг л
хөнгөлөлтүүд байгаа. Хамгийн том маргаан нь гэнэтийн ашгийн татварын
тухай хууль. Өөрсдөө байж болшгүй хууль санаачилж бий болгосон
учраас тэр хуулийг хүлээн зөвшөөрөх хөрөнгө оруулагч нэг ч байхгүй.
Өмнө нь манайд экспортын ашгийн 10 хувийн татвар гэж авах болсноор
хөрөнгө оруулагчдыг үргээж байсан туршлага бий шүү дээ.
ТЭЗҮ гарсан, түүгээр шалтаглаж шоудахаа болимоор юм
-Техник, эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ гэрээний өмнө эсвэл хамт
танилцуулаагүй нь гэрээ буцаагдахад бас нөлөөлсөн, тийм үү?
-ТЭЗҮ нь байгаа. Хойноос нь хүргүүлсэн. Нэг их хулгай хийснийг барьчихсан юм шиг инээдтэй шалтаг ярьж шоу хийхээ болимоор юм.
-Эндээс нөөцийн баталгаа, ашгийн тухай үнэн зөв төсөөлөл гарах болохоор нэхэгдэх нь ч аргагүй юм биш үү?
-Нөөцийн талаар яагаад гэнэт ихсээд, эсвэл багасаад байна гэж
мэргэжлийн бус хүмүүс гайхдаг. Эдийн засгийн хувьд өндөр үнэ ханштай
байх үед ашиглах боломжгүй, агууламж багатай гэж тооцоолж байсан
хэсгээ ашиглахад ашигтай болоод ирдэг. Тэгээд нөөц нь ихэсдэг. Үнэ
унахаар ашиггүй хэсэг нэмэгддэг. Нөгөө талаасаа геологийн запас гэж
байдаг. Энэ нь нийт нөөц, түүнээс өнөөдрийн байдлаар эдийн засгийн үр
ашигтай хэсгийг ялгаж тооцоолсныг хэлж байгаа юм. ТЭЗҮ-ээр үүнийг
тооцоолж гаргадаг.
-Тэр гарсан ТЭЗҮ-ээр хэзээ бид ашигтаа хүрэхээр байна вэ? Энэ
баялгаас иргэд хүртэх ёстой. Хүртээнэ гэж эрх баригчид амласан
болохоор иргэдийн өмнөөс танаас асууж байна л даа.
-Хамгийн наад зах нь найман жилийн дараа ашигтаа хүрнэ. Улстөрчид
иргэдэд таалагдахын тулд юу ч амлаж, толгойг нь эргүүлж болно шүү
дээ.
-Одоогоор Оюутолгойн гэрээний төслийг хаврын чуулганаар дахин
хэлэлцэхэд бэлтгэх ажлын хэсэг томилогдоод байна. Эндээс юу
хүлээж болох вэ?
-УИХ дээр орж ирсэн нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байвал хамаагүй.
Зөвшөөрөхгүй бол гэрээ хийхгүй шүү дээ. Уг нь улс төрөөс салгачихвал
энэ гэрээг ойлгоход тун амархан. Улс төрийн нүдээр харвал ямар ч сайн
гэрээ байсан, бүр монголчууд 100 хувь ашгаа авахаар болсон ч төр засаг
гацаасан хэвээрээ л байх болно.
-Ерөнхий сайд Европын орнуудаар айлчлахдаа Монголд ураны үйлдвэр
байгуулахаар хамтран ажиллах тухай хэлэлцээр хийлээ. Энэ нь манай
эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Хуучин Мардайн ордын гүнийн нэвтрэлт дээр шууд ашиглалт эхлүүлэх
боломжтой. Гэхдээ саяхан хийсэн нарийвчилсан үнэлгээг үндэслэн уг
ордыг ашиглана, баяжуулах үйлдвэр байгуулна гэж үзвэл үнэ нь нэг
паунд нь 65 ам.доллараас дээш ханштай нөхцөлд л ашигтай. Одоогоор 40
гаруй ам.долларын ханштай байна. Францын “Арева” компани манайд
хайгуулын ажил эхлээд байгаа. Хэрэв тэдний компани олборлолт хийх
ашигтай нөөц олдсон бол хөрөнгө оруулалт хийх байх. Уран бол цөмийн
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хамгийн хямд төсөр, байгаль
экологид хор хохирол багатай, тийм л технологи гэж үзсэний үндсэн
дээр асуудлыг тавьсан болов уу гэж бодож байна. Ер нь байгаль дээр
235, 238 гэсэн хоёр төрлийн уран байдаг. 235 гэдгийг нь цөмийн
реакторын түлш болгож ашиглаж байгаа юм. 238 төрлийн ураныг бид
ашиглаж чадахгүй байна. Дэлхийд нөөц нь асар их байгаа. Хэрэв 238-ыг
үндсэн зорилгоор нь цөмийн реакторын түлш болгох асуудлыг практик
дээр шийдчих юм бол манай ордуудыг ашиглах ямар ч боломжгүй. Дээрх
хоёр төрлийн ураны харьцаа таарч байх ёстой.
Нийт ураны нөөцийн 97.3 хувь нь 238 төрлийнх, үлдсэн 2.7 хувь нь 235
төрлийнх гэсэн харьцаатай байна. Гэтэл ихэнх буюу 97.3 хувь нь
хаягдал болдог. Үүнийг ашиглах технологи онолын хувьд шийдэгдсэн ч
практикт бол шинэ юм. Тиймээс бид байнга л манай ураны төлөө бусад
орон булаалдана гэж ойлгож болохгүй.
Ер нь манайх хаана ч байхгүй баян орон гэж боддог гэнэн
сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Ямар нөөц, эрэлт, боломж, түүх
байна гэхчлэн олон талаас нь судалж байж дуугарах учиртай.
Мэдээллийн эх сурвалж
"Өглөөний сонин" сэтгүүлч У.Оргилмаа
|
most visited: 204 | news comment: 0 |